

МУИС нь сургалт, эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ оюутан, суралцагчдад олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, олон улсын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь сургалтын чанарыг дээшлүүлэхээс гадна оюутнуудад мэргэжлийн салбарын бодит орчин, шинэ технологи, ажлын байр болон карьер хөгжлийн боломжийн талаар мэдээлэл, туршлага олгоход чухал ач холбогдолтой.
Энэ хүрээнд МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь дэлхийн мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүчний технологийн салбарт тэргүүлэгч Хуавей Техноложис ХХК (Huawei Technologies LLC)-тай хамтран “Campus Recruitment 2026” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь их сургууль, үйлдвэрлэл, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг олон улсын технологийн салбарын хөгжлийн чиг хандлага болон хөдөлмөрийн зах зээлийн боломж, шаардлагатай танилцуулахад чиглэнэ.
Хуавей Техноложис ХХК нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, дата төв, дижитал эрчим хүч, нарны эрчим хүч, эрчим хүч хадгалах систем зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн 170 гаруй оронд бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдлээ хүргэдэг олон улсын технологийн компани юм. Иймд тус компанийн мэргэжилтнүүдтэй шууд харилцаж, салбарын бодит туршлагаас суралцах нь оюутнуудын мэргэжлийн мэдлэг, практик ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсын түвшний ажлын орчинд тавигдах шаардлагыг ойлгоход чухал ач холбогдолтой.
“Campus Recruitment 2026” арга хэмжээний үеэр Хуавей Техноложис ХХК-ийн инженер, мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, инженерийн ажлын онцлог болон салбарын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулж, оюутнуудтай туршлага, мэдлэгээ хуваалцана. Мөн дадлага хийх, ажлын байранд хамрагдах болон цаашдын карьер хөгжлийн боломжийн талаар мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн энэхүү арга хэмжээ нь ажил олгогчдын зүгээс инженер, технологийн мэргэжилтнүүдэд тавьж буй мэдлэг, ур чадварын шаардлагыг оюутнуудад ойлгуулах, их сургуулийн сургалтын агуулгыг үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой. Ийнхүү оюутнууд мэргэжлийн чиглэлээ илүү бодитой тодорхойлж, карьерын зорилгоо төлөвлөхийн зэрэгцээ олон улсын технологийн салбарт ажиллахад шаардлагатай ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэх юм.
