

Бүгд Найрамдах Турк Улсын Диярбакыр хотноо 2026 оны 9 дүгээр сарын 28-ас 10 дугаар сарын 2-ны өдрүүдэд “International Conference on Sustainable Water Management: Science, Policy and Practice (ICOSUWAM-2026)” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Ази, Европ, Африк, Австрали тивүүдийн 25 гаруй орны 300 орчим эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүд оролцож, тогтвортой усны менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн усны нөөцөд үзүүлэх нөлөө, усны бодлого, шинжлэх ухаан болон практикийн уялдаа зэрэг асуудлаар судалгааны үр дүн, туршлагаа солилцов.

Монгол Улсаас МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Батсүрэн оролцож, Монгол орны гадаргын усны өөрчлөлт, түүнд нөлөөлж буй уур амьсгалын болон бусад хүчин зүйлсийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа.

Хурлын хүрээнд Монгол Улсын Их Сургууль болон Дижле Их Сургуулийн (Dicle University) хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашид оюутан, багш, судлаачдын солилцоог хөгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Мөн хурлын үеэр Бүгд Найрамдах Турк, Узбекистан, Танзани, Пакистан зэрэг орны зарим их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, судлаачидтай уулзалт хийж, усны нөөц, хүрээлэн буй орчны чиглэлээр хамтарсан судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, судлаачдын солилцоо болон бусад хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Эдгээр уулзалт, хамтын ажиллагаа нь манай судлаачдын олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хамтарсан судалгаа, төсөлд оролцох, мэдлэг, туршлага солилцох шинэ боломжийг нээж буйгаараа ач холбогдолтой юм.
ICOSUWAM-2026 олон улсын хурал нь усны нөөцийн тогтвортой менежментийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, бодлого, практикийн уялдаанд хэлэлцэхийн зэрэгцээ улс орнуудын эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй талбар боллоо.