

Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Япон Улсын Тояама их сургууль оюутан, багш, судлаачдын солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг (MoU) болон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийг төлөөлөн ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Инженер, Технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Ц.Соёл-Эрдэнэ, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцов. Харин Тояама их сургуулийг төлөөлөн Гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Жин Жан/Jin Zhang болон судлаач, докторант Б.Энх-Учрал нар хүрэлцэн ирсэн юм.
Арга хэмжээг нээж МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь их сургуулийн хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг болохыг онцолж, Тояама их сургуультай байгуулж буй энэхүү гэрээ нь боловсрол, судалгаа, инновацын чиглэлд урт хугацааны үр өгөөжтэй түншлэлийн эхлэл болно гэдгийг тэмдэглэлээ.

Үүний дараа Тояама их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Жин Жан мэндчилгээ дэвшүүлж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол, Японы эрдэм шинжилгээ, дээд боловсролын байгууллагуудын харилцааг улам бэхжүүлэхэд энэхүү гэрээ чухал ач холбогдолтойг онцлов.
Уулзалтын үеэр талууд оюутан, багш, судлаачдын солилцоог идэвхжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын судалгааны хөтөлбөрүүдэд хамтран оролцох, сургалт, судалгааны чиглэлүүдийг уялдуулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлов.
Хоёр тал дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
Бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
Багш, судлаачдын академик солилцоо болон хамтарсан судалгааг өргөжүүлэх;
Эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх;
Олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт хамтран зохион байгуулах;
Судалгааны үр дүн, мэдээлэл, туршлага харилцан солилцох;
Инженерчлэл, байгаль орчин, ой судлал болон бусад сонирхлын чиглэлээр хамтарсан судалгаа хөгжүүлэх;
Залуу судлаач, докторантуудыг дэмжих, эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар МУИС-ийн оюутан, багш, судлаачид Тояама их сургуульд суралцах, судалгаа хийх, академик туршлага солилцох боломжоо өргөжүүлэхийн зэрэгцээ хоёр их сургуулийн боловсрол, шинжлэх ухаан, инновацын салбар дахь хамтын ажиллагаа илүү бодит үр дүнд чиглэсэн шинэ шатанд гарч байна.
