Япон улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институтын профессор Тору Обарад“Хүндэт доктор” цол хүртээлээ.

Монгол Улсын Их Сургуулийн Инженер, Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №7 тоот тогтоолын дагуу Япон улсын Токиогийн Шинжлэх Ухааны Институтын нүүрстөрөгчийн ялгаралгүй эрчим хүчний хүрээлэнгийн профессор Тору Обарад “Хүндэт доктор” цол хүртээх ёслолын арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр (Пүрэв гаригт) Монгол Улсын Их Сургуулийн Төв байрны 320 тоот хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Профессор Обара нь цөмийн инженерчлэл, цөмийн реакторын физикийн салбарт 40 гаруй жил тууштай ажилласан туршлагатай, шинэлэг реакторын систем, цөмийн аюулгүй байдал, критик байдлын судалгаагаар тэргүүлж буй эрдэмтэн юм. Тэрээр хурдан реактор, жижиг модуль реактор (SMR), өндөр температурын хий хөргөлттэй реактор (HTGR), түлшээ үржүүлэн шатаадаг хурдан реактор, хар тугалга-висмут хөргөлттэй хурдан реактор, нэг удаагийн циклтэй реакторын судалгаа, энерги болон нейтроны трансмутацийн зориулалттай жижиг реакторын загварчлал, аюулгүй байдлын үнэлгээ, үрлэн түлштэй HTGR-ийн пассив аюулгүй байдлын шинж чанар, шаталтын симуляци, Фүкүшимагийн дараах түлшний үлдэгдэл, критикал ослын судалгаа, реактороор ажилладаг лазер, цөмийн хуваагдлын энергийг шууд хувиргах, Pb-Bi систем дэх полонийн бохирдлын судалгаа, нейтроны шилжилтийн Монте-Карло симуляци, реакторын физикийн анализ зэрэг дэвшилтэт технологиудын хөгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Профессор Обара нь Японы Цөмийн Энергийн Нийгэмлэгийн Захирал (2015–2017), Реакторын Физикийн Хэлтсийн Дарга (2016–2018), Стандартын Хорооны Гишүүн (2009–2018), Японы Цөмийн Энергийн Агентлагийн JENDL Хорооны Гишүүн (2016–), Цөмийн Хохирол Нөхөн Төлбөр ба Хаалтын Корпораци (NDF)-ийн гишүүн (2015–2018), Generation IV International Forum-ийн Хар тугалга хөргөлттэй хурдан реакторын Steering Committee-ийн гишүүн (2016–) зэрэг олон албан тушаалд ажиллаж байжээ.
Профессор Обара нь нийт 22 доктор, 34 магистр, 6 бакалаврын оюутныг удирдан амжилттай хамгаалуулсан ба Монгол Улсаас нийт таван оюутан Обара лабораторид амжилттай хамгаалсан байна. Үүнээс Бямбажавын Мөнхбат, Самбуугийн Одмаа, Туяагийн Дэлгэрсайхан нар магистр, докторын хавсарсан хөтөлбөрөөр, Галбадрахын Батцэнгэл магистрын хөтөлбөрөөр, Амаржаргалын Цэндсүрэн докторын хөтөлбөрөөр тус тус хамгаалсан. Удирдсан оюутнууд хийсэн судалгааны ажлаараа олон эрдэм шинжилгээний хуралд оролцож олон шагнал авч байснаас дурдвал Б.Мөнхбат, С.Одмаа, Т.Дэлгэрсайхан, А.Цэндсүрэн нар Японы Атомын Энергийн Нийгэмлэгийн шагналыг хийсэн судалгааны ажлуудаараа А.Цэндсүрэн GX шагнал хүртэж байжээ.
Профессор Тору Обара нь нийтдээ 500 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлснээс Монгол судлаач, шавь нартайгаа хамтран нийт 29 эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн.
Профессор Обара 2020 оны 09 дүгээр сарын 07-11-ний хооронд МУИС-д ирж шинээр батлагдсан “Цөмийн инженерчлэл” хөтөлбөрт шинжээчээр ажилласан. Монгол Улсад цөмийн боловсролын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагыг үнэлж, дүгнэлт гаргасан ба цаашид сургалтын хөтөлбөрийг үнэлэх, сайжруулах талаар зөвлөмж өгч, Токиогийн Шинжлэх Ухааны Институтын цөмийн шинжлэх ухаан, технологийн чиглэлээрх сургалт, судалгааны шилдэг туршлагуудаас хуваалцсан. Мөн 2024 оны 09 дүгээр сарын 02-06 хооронд Олон улсын атомын энергийн агентлагийн урилгаар дахин МУИС-д ирж, “Цөмийн инженерчлэл”-д хөтөлбөр шинжээчээр ажилласан. Энэ удаа ирэхдээ Монгол Улс дахь цөмийн боловсролын хөтөлбөрийг сайжруулах боломжийн тухай, Токиогийн Шинжлэх Ухааны Институтад сургалтын хөтөлбөр боловсруулах, чадавхийг бэхжүүлэх, цацрагийн шинжлэх ухаан болон технологийн чиглэлээр сургалтыг хэрхэн явуулж байгаа тухай мэдээллийг өгч уг институтд цөмийн шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцах, судалгаа хийх боломж, элсэлтийн үйл явцын талаар мэдээлэл өгч, цөмийн инженерийн чиглэлээрх дадлага сургалт болон дэвшилтэт лабораторийн ажлуудын талаарх мэдээллийг хуваалцсан. Мөн энэ үеэр МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ИТС-ийн захирал Ч.Сономдагва нартай уулзалт хийсэн. Олон улсын атомын энергийн агентлаг, Монгол Улсын Цөмийн энергийн комисст цаашид цөмийн салбарт хүний нөөцийг хэрхэн хөгжүүлэх, боловсролын чанарыг сайжруулах талаар зөвлөмж өгсөн. Одоо Японы Жайкагийн хэрэгжүүлж буй Эрчим хүчний ногоон шилжилт төсөлд идэвхтэй оролцон, хамтран ажиллаж байна.
Эрдмийн их үйл хэрэгтээ тууштай зүтгэж, Монгол улсын цөмийн шинжлэх ухаан, боловсрол, цөмийн инженерчлэлийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, хоёр улсын хамтын ажиллагаа хамтарсан судалгааны ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, өргөжүүлсэн эрхэм профессорт “Хүндэт доктор” цол хүртээсэн нь МУИС, ИТС-ийн хамт олны бахархал төдийгүй, хойч үеийн судлаач, инженерүүдэд үлгэр дууриал болох үйл явдал юм.
Гэрэл зургийг ЦФСТ-ийн ЭШДадА Х.Дашням
МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв болон Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн цөмийн инженерчлэл хөтөлбөрийн багш нар
2025.10.23
