Эмийн болон малын тэжээлийн ургамлын туршилт-судалгааны станц

杭盖(HANGGAI)
Эмийн болон малын тэжээлийн ургамлын туршилт-судалгааны станц

МУИС дээр хийгдэж буй судалгааны ажлын үр дүнд эмийн, малын тэжээлийн, орчны стресст тэсвэртэй, хурдан өсөлт хөгжилттэй зэрэг ашигт чанартай нь нэгэнт тогтоогдсон ургамлын нутгийн сорт гарган авах, түүний үрийн аж ахуй бий болгох, тарималжуулах технологийг нь боловсруулах зорилгоор Эм, малын тэжээлийн ургамлын туршилт-судалгааны станци байгуулах ажлыг Гарааны Эм Пи Би Лаб ХХК 2015 оны хавраас эхлэн хийж байна. 

Уг станцийн байрлаж буй Бөөрөлжүүтийн тал нь Монгол орны хээрийн бүсэд хамаарах бөгөөд Архустын тэжээлийн сангийн аж ахуй, сорт сорилын улсын төв байгуулагдан ажиллаж байсан түүхтэй газар юм. МУИС дээр хэрэгжиж буй САТРЕПС төслийн хүрээнд бичил цаг уурын станци, хүлэмж, түүний бороожуулагч, трактор зэрэг нийлүүлэгдэж, “Гарааны Эм Би Пи Лав” ХХК-ийн зүгээс гүний худаг гаргах, том оврын ёмкость суурилуулах, конторын болон байрлах зориулалт бүхий барилга барих зэрэг ажлууд хийгдэж, туршилт-судалгаанд ашиглагдаж байна. 

Одоогийн байдлаар манай станцийн талбай, түүний ойр орчимд ургаж буй байгалийн ургамлын талаархи мэдээллийг орон нутгийн малчид, иргэд, оршин суугчдад түгээх, Саваан булгансүүл, Монгол хунчир, Дэрэвгэр жиргэрүү зэрэг ургамлын нутгийн сорт гаргах, хайлаас, бүйлс, гүйлс, чаргай, монос, гандигар, тавилгана, харгана, хар мод, нарс... зэрэг мод, бут сөөгийг үрээр нь үржүүлэх, суулгац бэлтгэн, тэр орчмын сонирхож буй малчид, газар тариалан эрхлэгчид, иргэдэд нийлүүлэх, тарих, арчлах аргын сургалт явуулах ажлыг хийж эхлээд байна. Өвөлжөө орчмоо хашиж хамгаалах, мод, бут, сөөг, жимс, жимсгэнэ тарих зэрэг үүсгэл санаачлага малчдын дунд үүсэж эхэлж байна. Гэвч тухайн орон нутаг, өөрийн бэлчээрт буй мод, бут, сөөг, жимс, жимсгэнэ, гоёл чимэглэл, хүнс, эмийн, зөгийн балт, шимт чанар сайтай малын тэжээлийн ургамлын талаархи малчдын мэдлэг, боловсрол дутагдаж буйгаас хол газар, гадна орноос авч ирж тарьсан мод, бут, сөөг, жимс, жимгэнэ зэрэг нь хөрөнгө мөнгө, арчилгаа их шаардах, эхний жилүүдэд сайн ургаж байгаа мэт боловч яваандаа өсөлт хөгжилт нь зогсох, хувхайрах, үхэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. 

Бидний 2 малчны өвөөлжөөн дээр байгуулж буй “Бичил бэлчээр-Малчны төгөл” нь малчин хүн тухайн орон нутагт таарахгүй мод, бут, сөөгийг холоос авч ирж тарьж, цаг хугацаа алдах, үргүй зардал гаргах биш, тухайн орон нутаг, өөрийн бэлчээрт ургаж буй мод, бут, сөөг, жимс, жимсгэнэ, гоёл чимэглэл, хүнс, эмийн, зөгийн балт, шимт чанар сайтай малын тэжээлийн зэрэг ашигт чанар бүхий мод, бут сөөг, өвслөг ургамлаас бүрдэх малчин айл, өрх бүр өөрийн гэсэн онцлогтой цэцэрлэгт хүрээлэнтэй болох чиглэлд залж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан орон даяар өрнүүлэхэд тус дэм үзүүлэх зорилготой болно. 

“Бичил бэлчээр-Малчны төгөл” төслөөр дамжуулан малчдад өөрийн бэлчээрт буй мод, бут, сөөг, өвслөг ургамлуудын талаар мэдлэгтэй болох, түүгээрээ дамжуулан бэлчээрээ хамгаалах, сайжруулах, үр ашигтай ашиглах, өөрийн малын бүтээгдхүүнийг үнэ цэнэтэй болгох, малчны хот, бэлчээрт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бэлчээрээсээ нэмэлт орлого олох, өөрийн төгөлөөс зарим өрхийн хэрэгцээгээ хангах, эрүүл, зөв амьдралын хэв загвараа хадгалахад нь тус дэм үзүүлэх зэргээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.