Лабораторийн эрхлэгч: МУИС, ИТС, ХБИТ, Дэд профессор Б.Даваапүрэв
Байршил: МУИС-ийн номын сангийн байр, 507 тоот, өргөтгөл лаборатори B1-004 тоот
Танилцуулга
Лабораторийн үндэс суурь нь анх 1991 онд ШУА-ын Химийн хүрээлэнгийн харъяанд Уургийн химийн лаборатори нэртэйгээр тавигдсан түүхтэй. Япон улсын иргэн, Олон улсын Ротари нийгэмлэгийн захирал агсан Тарио Канногийн хандиваар орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, Монгол орны онцлогтой уялдуулан шинэчлэн тохижуулж, 2011 оны 7-р сарын 25-нд Ургамлын биотехнологийн лаборатори өрх тусгаарлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн судалгаанд суурилсан, Монгол орны онцлогт тохирсон, олон улсын жишигт нийцсэн, “Био-инженерчлэл” хөтөлбөрийн хүрээнд 3 шатны сургалт-судалгааны үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Судалгааны чиглэл, зорилго:
Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөл, зун төдийгүй өдөр шөнийн хооронд ч агаарын хэмийн хэлбэлзэл ихтэй, унах хур тунадасны хэмжээ бага, тогтворгүй, салхи шуурга ихтэй, хөрсний үржил шим ядмаг, давсархаг зэрэг байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй билээ. Энэхүү хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон ургамлаас хүрээлэн буй орчны стресс тэсвэрлэх чадвар, хурдан соёололт, богино амьдралын циклийг нөхцөлдүүлэгч генийг олж илрүүлэх, түүний нийлэгжлийг ихэсгэх замаар биомассыг нэмэгдүүлэх, болцыг нь түргэтгэх боломжийг эрэлхийлэх зорилготой судалгааны ажлуудыг хийж байна.
Мөн Монгол орны ургамлаас байгалийн шалгарлын явцад эзэн ургамалтайгаа дасан зохицон амьдарч ирсэн эндофит микроорганизм болох актиномицетийг сонгомлоор ялгах, тэдгээрийн 16S rRNA генийн дарааллыг тогтоож зүйлийн бүрдлийг тодорхойлох, актиномицетийн ялгаруулж буй хоёрдогч метаболитын бактерийн эсрэг идэвхит нэгдлийг илрүүлэх, өсгөвөрийн сан бүрдүүлэх, судалгааны үр дүн дээр тулгуурлан ургамал болон микроорганизм хоорондын харилцан шүтэлцээг тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.
Судалгааны ажлын үр дүнг олон улсын болон дотоодын сэтгүүлд өгүүлэл хэвлэн нийтлүүлэхээс гадна оюуны өмчөөр баталгаажуулж патент авах, инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, гарааны компани байгуулах зэргээр ажиллаж байна.
Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд
2014 оноос одоог хүртэл хэрэгжиж буй Монгол орны Засгийн газар, ЖАЙКА байгууллагын хамтарсан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд “Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхт нэгдэл, ашигт генийн судалгаа, тэдгээрийн хэрэглээ” сэдэвт төсөл, Монгол Улсын Засгийн газар, Япон улсын ЖАЙКА байгууллагын хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт САТРЕПС төсөл хэрэгжиж байна.
САТРЕПС төслийн хүрээнд малчдын дунд хэнзлэх чадвар сайтай гэгддэг Саваан булгансүүл (Chloris virgata) ургамал нь хурдан соёолдог, давс, нарны хурц гэрэл, ган зэрэгт тэсвэртэй болох нь лабораторийн судалгаагаар тогтоогдоод байна. Мөн малын тэжээлийн ургамалд агуулагддаг эндофит микроорганизмийг ялган авч тодорхойлох, улмаар таван хошуу мал, ургамал, микроорганиз хоорондын харилцан шүтэлцлийг тогтоох зорилготойгоор судалгааны ажил гүйцэтгэж байна.
МУИС дээр 2018, 2019, 2020, 2021 онуудад зохион байгуулагдсан “Багш оюутны Старт-ап” хөтөлбөрүүдэд лабораторийн багш, оюутанууд баг бүрдүүлэн оролцож, удаа дараа тэргүүн байрт шалгарсан байна. Судалгааны үр дүнд тулгуурлан Гарааны компани байгуулах, “Цомцогт бэр цэцэг (Scabiosa comosa Fisch.) ургамлаар бэлтгэсэн бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхтэй ам зайлагч”, “Хоолойны махны үрэвслийг эмчлэх хүлхмэл”, “элэг хамгаалах бэлдмэл” зэрэг инновацийн бүтээгдэхүүнийг санаачлан, улмаар үйлдвэрлэл нэвтрүүлэх судалгаа, хөгжүүлэлтийн ажлуудыг хийж байна.
Дотоод хамтын ажиллагаа
· Монос Групп
· Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн
· Хавдар судлалын үндэсний төв
· Арьсны өвчин судлалын үндэсний төв
· Нахиа эмийн үйлдвэр
· Ховд их сургууль
· Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв
Гадаад хамтын ажиллагаа
- Тохо их сургууль
- Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль
- Киотогийн их сургууль
- Токиогийн их сургууль
- CycloChem Co., Ltd.
Багш, оюутан солилцоо
Хамтын ажиллагаа бүхий дээрх байгууллагуудтай багш, оюутан солилцоо тогтмол явагддаг. 2015 оноос хойш нийт 20 гаруй профессор манай лабораторид хүрэлцэн ирсэн бөгөөд зөвхөн 2024-2025 оны хичээлийн жилд Тохо их сургуулийн дэд профессор Ё.Ийзака, Тохоку анагаах ухаан, эмзүйн их сургуулийн дэд профессор Т.Мурата, Киотогийн их сургуулийн профессор Т.Накано нар манай лабораторид ирж, оюутнуудад лекц уншиж, лабораторийн судалгааны ажлыг удирдан зөвлөгөө өгсөн.
Хамтын ажиллагааны гэрээтэй Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль, Киотогийн их сургууль, Тохо их сургуульд урт болон богино хугацааны сургалтад хамрагдах боломжтой. 2018, 2019, 2024 онуудад Sakura Science хөтөлбөрийн хүрээнд Био-инженерчлэлийн хөтөлбөрийн оюутнууд Япон улсын их, дээд сургууль, аж үйлдвэр, соёлтой танилцсан. Хамтын судалгааны хүрээнд 2025 оны 8-р сард Тохо их сургуулийн оюутанууд МУИС дээр ирж танилцан, богино хугацааны дадлагат хамрагдсан.
Одоогийн байдлаар хамтын ажиллагааны хүрээнд Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургуульд 5 доктор, Киотогийн их сургуульд 2 доктор, 2 магистр эрдмийн зэргээ хамгаалаад байна. Киотогийн их сургууль болон Тохо их сургуульд 2 докторант суралцаж байна.
Лабораторийн боловсон хүчний нөөц
2024-2025 оны хичээлийн жилд 1 дэд профессор, 2 докторант, 3 магистрант, 6 бакалавр курсын оюутантай судалгааны баг ажиллаж байна. 14 хоногт 1 удаа судалгааны болон онолын семинар явагдаж лабораторийн үйл ажиллагаа тогтворжсон.
Манай лаборатори нь судалгаа явуулахад шаардагдах орчин үеийн багаж төхөөрөмжтэйгээс гадна уран ухаан, гарын ур дүйтэй, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн оюутнуудаас бүрдсэн судалгааны багтай тул та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.