Лабораторийн эрхлэгч: МУИС, ИТС, ХБИТ, профессор Ж.Батхүү
Байршил: МУИС, Номын сангийн байр, 506 тоот, лабораторийн өргөтгөл B1-005 тоот
Танилцуулга
Биоорганик хими-Фармакогнозын лаборатори нь анх 1991 онд Уургийн химийн лаборатори нэртэйгээр ШУА-ийн Химийн хүрээлэнгийн харъяанд доктор, профессор Ц.Даш агсаны санаачлага, идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд байгуулагдсан.
1994 онд ШУБЯ-ны Сайд, ШУА-ийн Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар сургалт-эрдэм шинжилгээний ажлыг хослон гүйцэтгэх зорилгоор МУИС-ийн Биологийн факультетэд шилжин ирсэн юм.
1997-2014 онуудад Биоорганик химич, 2015 оноос одоог хүртэл Биоинженерчлэл хөтөлбөрийн бакалавр, магистр, докторын 3 шатны судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагаанд оролцож байна.
2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн “Биоинженерчлэл” хөтөлбөрөөр 3 шатны сургалт явуулж эхэлсэн. Шинэ тулгар энэ хөтөлбөрийг 2023 он гэхэд судалгаанд суурилсан, Монгол орны онцлогт тохирсон, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр болгон төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Ургамал, микроорганизмын хоёрдогч метаболит, ялангуяа, янз бүрийн биологийн идэвхт нэгдлийг цэврээр нь ялган авах, тэдгээрийн химийн бүтцийг тогтоох, улмаар эмнэлгийн болон урьдчилан сэргийлэх практикт хэрэглэх боломжийг эрэлхийлэх судалгааг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, компани, сан зэрэг байгууллагуудтай хамтран хийж байна.
МУИС - ийн захирлын 2010 оны 11 сарын 18-ны өдрийн 796 тоот тушаалаар доктор, профессор Ц.Дашийн нэрэмжит болсон.
Хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний үр дүн
Олон судалгааны төслүүд хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлагийн санхүүжилт бүхий “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” САТРЕПС төсөл, Т.Канно сангийн санхүүжилт бүхий “Т.Канно” төслүүд хэрэгжиж байна.
САТРЕПС хөтөлбөрийн гол зорилго нь хүрээлэн буй орчин, эрчим хүч, биологийн нөөц, байгалийн гамшиг, халдварт өвчин зэрэг хүн төрөлхтөний өмнө тулгарч буй глобал асуудлуудыг шийдэхэд тус дэм болохуйц шинэ мэдлэг бүтээх төдийгүй, түүнээ нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явдал юм.
Энэ хамтарсан төслийн хүрээнд тус лабораторт HPLC, NMR зэрэг орчин үеийн судалгааны багаж, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, олон тооны залуу судлаачид зэргийн болон зэргийн бус сургалтанд хамрагдсан байна.
Судалгааны үр дүнг оюуны өмчөөр хамгаалуулан инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх гарааны “Эм Би Пи Лаб” ХХК компани байгуулж “Монос” ХХК-тай хамтран “100 наслаарай” цай, “Phyto-acne” батга эмчлэх тос зэргийг худалдаанд гаргаад байна.
Эм, малын тэжээлийн ургамлын туршилт- судалгааны станц нь МУИС дээр хийгдэж буй судалгааны ажлын үр дүнд эмийн, малын тэжээлийн, орчны стресст тэсвэртэй, хурдан өсөлт хөгжилттэй зэрэг ашигт чанартай нь нэгэнт тогтоогдсон ургамлын нутгийн сорт гарган авах, түүний үрийн аж ахуй бий болгох, тариалах технологийг боловсруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Дотоод хамтын ажиллагаа
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
Арьсны өвчин судлалын үндэсний төв
Хавдар судлалын үндэсний төв
Монос групп
Гадаад хамтын ажиллагаа
Канно сан ( Япон улс )
Грацийн их сургууль ( Австри улс )
Тохокүгийн анагаах ухаан, эм зүйн их сургууль ( Япон улс)
Токиогийн их сургууль ( Япон улс )
Киотогийн их сургууль ( Япон улс )
Хүнсний шинжилгээний төв (Япон улс)
Cyclochem Co.Ltd ( Япон улс )
Сорилын биологийн хүрээлэн ( Беларусс улс )
Бээжингийн их сургууль ( БНХАУ )