Хөтөлбөрийн ерөнхий танилцуулга
Материал судлал, инженерчлэл (MTRL) нь материалын бүтэц, боловсруулалт, шинж чанар, хэрэглээний хамаарлыг судалж, шинэ материал боловсруулах, одоо байгаа материалыг сайжруулах, үйлдвэрлэлийн технологийн шийдэл гаргах инженерийн салбар юм.
Манай хөтөлбөр нь 2012 оноос эхлэн МУИС-д хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2023 оноос "Материал судлал, инженерчлэл" нэрээр шинэчлэгдэн зохион байгуулагдаж байна. Бид ирээдүйн инженерийн боловсролыг Монгол Улсын эрдэс баялаг, боловсруулах үйлдвэрлэл, дэвшилтэт материал, ногоон технологитой холбох зорилготой.
Алсын хараа ба эрхэм зорилго
Эрхэм зорилго: Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаан, технологийн өргөн хүрээнд өрсөлдөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй инженерийг бэлтгэх.
Алсын хараа: Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, хиймэл оюунд тулгуурласан материал судлалын сургалт, судалгааны тэргүүлэх төв болох.
Яагаад чухал вэ?
Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд материалын инженерүүдийн үүрэг оролцоо нэн чухал юм. Бид түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн гарган авах технологид мэргэшсэн, ирээдүйн шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.